Дэлхийн эртний долоон гайхамшиг
![]() |
Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна
Вавилоны дүүжин цэцэрлэг буюу Семирамидын дүүжин цэцэрлэг (Hanging Gardens of Babylon) нь өнөөгийн Иракийн Ал Хилла хотын ойролцоо байсан Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж үздэг. Уг байгууламжийг МЭӨ 600 оны орчимд шинэ Вавилоны хаант улс буюу Чалдийн хаан Навуходоносор II-ын зарлигаар байгуулсан. Тэрээр өөрийн эхнэр Мэдиагийн Амитист зориулан бариулсан бөгөөд урт наст модод, анхилуун үнэрт цэцэгс, ургамлыг түүний эх орноос авчруулан ургуулсан ажээ. Уг цэцэрлэг МЭӨ I зууны үед газар хөдлөлтөөр сүйрсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Грекийн түүхч Диодорус Сикулус, газарзүйч Страбо нар өндөр, сахлаг ургамал бүхий дүүжин цэцэрлэгийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Усалгааны систем нь Архимедын шургийн дүрэм ашигладаг байсан гэж таамагладаг.
Олимп уулан дахь Зевсийн хөшөө (Statue of Zeus at Olympia) нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт ордог. Уг хөшөөг сонгодог үеийн алдарт уран барималч Фидиас МЭӨ 432 оны орчимд Грекийн Олимп уулнаа барьсан байна. Суумал дүртэй уг хөшөө нь өргөн цэлгэр сүмийн хойморт байрласан, ойролцоогоор 12 метр өндөр байсан ажээ. “Хэрэв Зевс босоод зогссон бол сүмдээ багтахгүй байх байсан” гэж МЭӨ I зууны үед газарзүйч Страбо тэмдэглэсэн байдаг.
Уг хөшөөг эртний Грекийн баримал урлалын нэг төрөл болох chryselephantine аргаар хийсэн бөгөөд хөшөөний их биеийг модоор босгон, дээгүүр нь нимгэн алтаар бүрж, зааны ясаар чимэглэсэн байжээ. Энэхүү уран барималд зориулан алт, зааны яс, халуун орны үнэт хар мод, үнэт чулуун чимэглэл бүхий хуш модон сэнтий урласан байдаг. Зевсийн баруун гарт нь ялалтын охин тэнгэр Никейгийн багахан хөшөө, зүүн гарт нь гэрэлт таяг бариулж, бүргэд суулгасан байдаг байв.
Артемисийн сүм нь ( Ἀρτεμίσιον) буюу Дианагийн сүм хэмээн нэрлэгддэг уг байгууламж нь Артемист зориулан байгуулагдсан бөгөөд Персийн Ахейменидийн улсын (одоогийн Турк) нутаг Эфест МЭӨ 500 оны орчимд баригджээ. Хүрлийн үеийн соёлын дурсгал, эртний дэлхийн 7 гайхамшгийн нэг уг сүмийг Лидийн Кроесусын зарлигаар баригдсан бөгөөд 120 гаруй жилийн турш барьж байгуулсан байна. Сидоны Антипатерийн тэмдэглэснээр Эртний Дэлхийн 7 гайхамшигт орсон байдаг.
Мауссоллосын булш, Маузоллосын бунхан (Μαυσωλεῖον της Ἁλικαρνασσοῦ) эсвэл Галикарнассусын бунхан гэж олноо нэрлэгддэг байгууламж нь МЭӨ 353-350 оны хооронд Персийн нэгэн хаант улсын хаан Мауссоллос болон түүний эхнэр бөгөөд эгч нь болох Кариагийн Артемис II нарт зориулан Галикарнассус буюу одоогийн Турк улсын Бодрумд баригджээ. Уг барилгыг Грекийн архитекторч Сатирус, Пифиус нарын удирдлага дор барьсан бөгөөд ойролцоогоор 45 метр өндөр, эртний Грекийн уран барилгын мастерууд болох Леокарес, Бриаксис, Паросын Скопас болон Тимофиус нарын уран барилгын онцлогийг тусган, чимэглэл бүхий 4 өөр талтай хийсэн бөгөөд Сидоны Антипатер Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг хэмээн нэрлэсэн байдаг. Мавзолиум буюу Мавзолей (Өрнө дахинд бунхан хэмээн ойлгогддог) хэмээх үг нь ерөнхийдөө аварга том бунханг илэрхийлдэг бөгөөд Мауссоллост зориулсан хэмээх утгатай Грек үг юм.
Родос арлын Колоссус (Colossus of Rhodes) нь МЭӨ 292 – 280 оны хооронд уран барималч Линдосын Чаресын удирдлага доор Грекийн Родос арал дээр байгуулагдсан бөгөөд Эртний Грекийн нарны бурхан Гелиосийн аварга хөшөө юм. Уг хөшөө нь эвдрэхээсээ өмнө эртний ертөнцийн хамгийн өндөр байгууламж байсан бөгөөд ойролцоогоор 30 метр өндөртэй байсан.
Александрын гэрэлт цамхаг буюу Александрын Фарос ( ὁ Φάρος τῆς Ἀλεξανδρείας) нь МЭӨ III зуунд (МЭӨ 285-247 оны хооронд) Египетийн Александрия хотын усан боомтод зориулан баригдсан. 115-150 метр өндөр уг байгууламж олон зууны турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр барилга байсан ба Сидоны Антипатер “Ертөнцийн 7 гайхамшиг”-таа буюу Эртний Дэлхийн 7 гайхамшигт багтаасан байна. Анх баригдахдаа Хуфу болон Хафра пирамидын дараа орохуйц том байгууламж байв. Зарим судлаачид XIV зууны үед уг цамхагт нэмэлт өргөтгөл хийж, 180 метр орчим болгосон гэж үздэг.